Агуулгыг алгасах

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү “Гөү пэй” үйлчилгээний нөхцөлийг Монгол Улсад бүртгэлтэй “Ассэтхаб” ХХК /цаашид “компани” гэх/, худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээнд аппликейшнээр үйлчилгээ үзүүлэх санхүүгийн байгууллагууд /цаашид “ББСБ” гэх/ болон иргэн /цаашид “хэрэглэгч” гэх/ нарын хооронд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг “Gopay” платформоор дамжуулан төлбөрийн хувиарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг компаниас хэрэглэгчид үзүүлэхтэй холбогдсон харилцаанд баримтлах бөгөөд компани болон ББСБ-с хэрэглэгч таны хувийн мэдээллийг хүлээн авах, хадгалах, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх улмаар худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээний эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хэлцэл болно.

Нэг.Ерөнхий зүйл

1.1. “Гөү пэй” платформоор дамжуулан хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг төлбөрийн хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг үзүүлэх, үүнтэй холбоотой бусад харилцааг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.

1.2. Дээрх үйлчилгээг үзүүлэхтэй холбоотойгоор компани болон ББСБ-с хэрэглэгчийн хувийн мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх улмаар худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээний эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хэлцэл болно.

1.3. Компани нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхийг дангаар эдлэх бөгөөд уг өөрчлөлтийн талаар Платформоор дамжуулан хэрэглэгч нарт мэдэгдэнэ. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийг мөрдөж эхлэх хугацаа болон үндсэн агуулгыг дурдана.

1.4. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд энэ талаараа цахим шуудангаар мэдэгдэж Үйлчилгээний эрхийг цуцлуулах эрхтэй.

1.5. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

1.5.1. “Гөү пэй платформ” гэж хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг төлбөрийн хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг үзүүлэх цахим программ хангамжийг хэлнэ.

1.5.2. “ББСБ-н аппликейшн” гэж хэрэглэгчид мэдээллийн технологи, харилцаа холбооны төхөөрөмж ( гар утас компьютер, бусад цахим төхөөрөмж) ашиглаж ББСБ-д өөрийн биеэр ирэлгүйгээр ББСБ-н вэб сайт, Аппликейшн сувгуудаар дамжуулан өөрийн дансруу хандаж төлбөр гүйцэтгэх, ББСБ-н бусад үйлчилгээг авах боломжийг олгож буй гуравдагч талын санхүүгийн (зээлийн) төлбөр тооцоо хийх боломжтой аппликэйшний үйлчилгээг;

1.5.2. “Хэрэглэгч” гэж Гөү пэй платформоор дамжуулан ББСБ-н аппликейшн ашиглаж буй хэрэглэгч буюу хувь хүнийг хэлэх ба дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.5.2.1. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг;

1.5.2.2. Тогтмол орлоготой, чанаргүй болон хугацаа хэтрүүлсэн зээлийн түүхгүй;

1.5.2.3. ББСБ-н аппликейшнийг өөрийн нэр дээр бүртгүүлэн ашигладаг;

1.5.2.4. Ухаалаг гар утас ашигладаг;

1.5.2.5. Үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, зөвшөөрсөн 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн.

1.5.3. “Мерчант” гэж худалдаалж буй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид Гөү пэй платформоор дамжуулан худалдан борлуулахаар Компани болон ББСБ-тай гэрээ байгуулсан хувь хүн, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг ойлгоно.

1.5.4. “Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ” гэж хэрэглэгч Мерчантаас худалдан авч өөрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэх боломжтой Монгол улсын чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан, Монгол улсын хууль тогтоомжоор аливаа хязгаарлалт, хориглолтод ороогүй бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэлнэ.

1.5.5. “Үйлчилгээний эрх” гэж тухайн хэрэглэгчийн бараа, үйлчилгээний худалдан авалтад зориулж үүсгэсэн, худалдан авалтын төлбөрийг амжилттай төлсний дараа дахин ашиглах боломжтой, төгрөгөөр илэрхийлэгдэх үнийн дүнгийн хэмжээ заасан худалдан авалт хийх боломжит эрхийг хэлнэ.

1.5.6. “Зөвшөөрөх үйлдэл” гэж хэрэглэгч нь Компани болон ББСБ-д хандан аппликейшн дээр худалдан авах хүсэлт илгээх, эргэн төлөх болон бусад үйлдлийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж буй хэрэглэгчийн үйлдлийг ойлгоно.

1.5.7. “Хугацаа хэтрүүлсэн төлбөр” гэж үйлчилгээг ашиглан хийсэн худалдан авалтын төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Гөү пэй платформоос худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч үйлчилгээний нөхцөлд заасан хэмжээгээр ялгамжтай тогтоосон, хугацаа хэтрүүлсэн төлбөрийг хэлнэ.

Хоёр. Үйлчилгээний нийтлэг нөхцөлүүд

2.1. ББСБ нь хэрэглэгчээс ирүүлсэн хүсэлт, санхүүгийн болон хувийн мэдээллийг үндэслэн компанийн баталсан үйлчилгээний нөхцөлийн дагуу үйлчилгээний эрхийг нээнэ.

2.2. Хэрэглэгч худалдан авалтын төлбөрөө 6 (зургаа) хувааж 15 (арван тав) хоногийн зайтайгаар 90 (дөчин тав) хоногийн хугацаанд хуваан төлнө.

2.3. Хэрэглэгч худалдан авалт хийж энэхүү үйлчилгээг ашигласнаар эхний 30 хоног хүү, шимтгэл бодогдохгүй төлбөргүй үйлчилгээ авах бөгөөд 31 дэх өдрөөс эхлэн төлөх ёстой төлбөр дээр өөрийн ашиглаж буй ББСБ-н аппликейшны сарын хүүгийн нэмэгдэж бодогдоно.

Гурав. Хэрэглэгчийн эрх, үүрэг

3.1. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд Компани болон ББСБ-с тогтоосон үйлчилгээний эрхийн хэмжээнд ашиглах, хуваан төлөлтөө төлөх үүргийг хүлээнэ.

3.2. Хэрэглэгч Платформд хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэх, эсхүл дамжуулахдаа дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

3.2.1. Хуурамч мэдээлэл оруулахгүй байх;

3.2.2. Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх;

3.2.3. Хугацаа дуусгавар болсон бичиг баримтын мэдээлэл оруулахгүй байх.

3.3. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийн “3.2”-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан бол Компани болон ББСБ нь хэрэглэгчийн үйлчилгээний эрх нээлгэх хүсэлтийг хянах, эсхүл үйлчилгээний эрх нээхээс татгалзах эрхтэй.

3.4. Үйлчилгээний нөхцөлийн “3.2.2”-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол Компани болон ББСБ нь хэрэглэгчийн үйлчилгээний эрх нээлгэх хүсэлтийг хянах болон үйлчилгээний эрх нээхээс татгалзах эрхтэй бөгөөд та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч, Компани болон ББСБ-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.

3.5. Хэрэглэгч нь компани болон ББСБ-с тогтоосон үйлчилгээний эрхийн хүрээнд худалдан авалтаа хийх эрхтэй байна.

3.6. Платформд доголдол гарснаас худалдан авалт амжилтгүй болсон, төлбөр төлөлт саатсан зэргээс болж хэрэглэгчийн эрх зөрчигдвөл энэ талаар үйлчилгээ үзүүлэгч талд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3.7. Хэрэглэгч нь Платформд нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалаа чандлан хадгалах бөгөөд нууцлалаа алдсанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.

3.8. Хэрэглэгч нь Платформд нэвтрэх нэр болон нууц үгийн нууцлалыг өөрийн эцэг эх, эхнэр/нөхөр, хүүхэд болон бусад этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар задруулсны улмаас үүсэх үр дагаврыг Компани болон ББСБ хариуцахгүй болно.

3.9. Хэрэглэгчийн нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан хийгдэж буй аливаа худалдан авалтыг эрх эзэмшигч буюу тухайн этгээд өөрөө хийж буйд тооцно.

3.10. Хэрэглэгч нь Платформд нэвтрэх нууц үгээ алдсан байж болзошгүй тохиолдолд нэн даруй солих үүрэгтэй.

3.11. Хэрэглэгч нь гүйлгээ хийхдээ дансны дугаар, гүйлгээний утга, гүйлгээний дүнгээ зөв оруулах бөгөөд буруу оруулсны улмаас үүсэх зардал, хохирлыг өөрөө хүлээнэ.

3.12. Хэрэглэгч нь Платформд суулгасан гар утас эсхүл төхөөрөмжөө бусдад дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлсэн, эсхүл хулгайд алдсны улмаас Компани болон ББСБ-д учирсан хохирол зардлыг бүрэн хариуцна.

3.13. Хэрэглэгч нь Платформ суулгасан гар утас эсхүл төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд үүссэн хохирол зардлыг бүрэн хариуцна.

3.14. Хэрэглэгчийн бүртгэлтэй гар утасны орох эсхүл гарах ярианы эрх нь хаагдсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

3.15. Хэрэглэгчийн бүртгэлтэй гар утасны дугаар сүлжээнээс гарсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

3.16. Банкны болон бусад гуравдагч этгээдийн систем, үйл ажиллагааны саатлын улмаас учирсан хохирол, зардлыг Компани хариуцахгүй.

3.17. Хэрэглэгч нь санаатайгаар Платформд системийн доголдол үүсгэсний улмаас үүссэн хохирлыг бүрэн хариуцна.

3.18. Хэрэглэгчийн алдаатай худалдан авалт хийсэн, үйлчилгээний нөхцөлийг бүрэн ойлгоогүй зэрэг хэрэглэгчийн илтэд хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой үр дагаврыг Компани болон ББСБ хариуцахгүй.

3.19. Тухайн үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд дурдагдаагүй хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.

3.20. Хэрэглэгч нь хууль тогтоомж болон үйлчилгээний нөхцөлийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс үүсэх хохирол, аливаа үүргийг дангаар хариуцах үүрэгтэй бөгөөд Компани болон ББСБ хариуцахгүй болно.

3.21. Зээлийн мэдээллийн сангаас гаргуулах лавлагааны төлбөрийг хэрэглэгч хариуцна.

Дөрөв. Компани болон ББСБ -ын эрх, үүрэг

4.1. Хэрэглэгчийн үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, ашиглах, боловсруулах, хадгалах, цуглуулах эрхтэй.

4.2. Хэрэглэгчийн үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.

4.3. Хэрэглэгчийн үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглан худалдан авалт хийх эрхийн хэмжээг тодорхойлох.

4.4. Хэрэглэгчийн төлбөртэй холбоотой санхүүгийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх эрхтэй.

4.5. Хэрэглэгчийн фейсбүүк, твиттер профайл найзын жагсаалт болон постыг хуулбарлан авч дүн шинжилгээ хийх, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах.

4.6. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг платформоор үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах.

4.7. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг платформ болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах.

4.8. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг платформ нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн 6.5-д заасан зорилгоор платформыг хөгжүүлэгчид шилжүүлэх, ашиглуулах.

4.9. Платформ нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, платформыг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, хэрэглэгчийн хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.

4.10. Хэрэглэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн нэр, гэрэл зураг, биелэгдээгүй үүргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, хайх арга хэмжээ авах эрхтэй.

4.11. Үйлчилгээний нөхцөл дээр заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

4.12. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй.

4.13. Олон давтамжтай, өндөр дүнтэй гүйлгээ орж гарсан тохиолдолд хэрэглэгчийн эрхийг зогсоож, баталгаажуулахыг шаардах болон шалгах эрхтэй.

4.14. Хэрэглэгчийн мэдээлэл, хэрэглэгчийн оролцоогүйгээр буюу ямарваа нэгэн этгээдэд алдахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэрэгслийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

4.15. Хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах, нууцлах болон үйлчилгээний нөхцөлд заасан холбогдох хориглох, хаах, хязгаарлах заалтуудыг зөрчсөн тохиолдолд хаах эрхтэй.

4.16. Тухайн үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд дурдагдаагүй хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.

4.17. Хэрэглэгч нь платформыг дараах зорилгоор ашигласан тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээний эрхийг дахин ашиглах боломжгүйгээр хязгаарлах буюу үйлчилгээг ашиглах эрхийг зогсоох, хаах, шалгах эрхтэй. Үүнд:

4.17.1. Зүй бусаар эсхүл хууль бус зорилгоор ашигласан, ашиглахыг завдсан;
4.17.2. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилгоор ашигласан;
4.17.3. Зориулалтын бусаар ашигласан;
4.17.4. Бусдын хувийн мэдээллийг ашигласан;
4.17.5. Гуравдагч этгээдэд ашиглуулсан, ашиглуулахаар завдсан тохиолдолд;
4.17.6. Хууран мэхлэх, худал мэдээлэлд ашигласан;
4.17.7. Олон нийтийн хэрэгслээр худал, төөрөгдөл үүсгэх мэдээлэл тараахад ашигласан;
4.17.8. Зүй зохисгүй байдлаар, бусдад хохиролтойгоор ашигласан.

4.18 Хэрэглэгч Платформыг энэхүү үйлчилгээний нөхцөлийн 4.17-д заасан зорилгоор ашигласан эсэх талаар хуулийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шалгуулж, шийдвэрлүүлэх эрхтэй.

4.19. Системд үүссэн доголдол, буруутай мэдээлэл ашиглах болон үүнтэй адилтган үзэх, өөр бусад шалтгаанаар хэрэглэгч болсон тохиолдолд тухайн хэрэглэгчийн эрхийг хаах, зогсоох, шалгах, идэвхтэй худалдан авалт байгаа бол тухайн худалдан авалтын төлбөрийг нэн даруй хэрэглэгчээс шаардаж авах эрхтэй.

4.20. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан хориглох, хязгаарлах, зогсоох, хаах арга хэмжээ авагдсан шалгагдаж байгаа тохиолдолд дахин эрх үүсгэхгүй байх эрхтэй.

4.21. Хэрэглэгч нь системийн хэвийн үйл ажиллагаанд халдах (хакердах) үйлдэл, оролдлого хийсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн эрхийг дахин ашиглах боломжгүйгээр хаах, хязгаарлах эрхтэй.

4.22. Хэрэглэгч нь хууль тогтоомж болон үйлчилгээний нөхцөлийн холбогдох заалтуудыг зөрчсөн, зөрчиж магадгүй гэж үзсэн тохиолдолд үйлчилгээг ашиглах эрхийг урьдчилан сануулалгүйгээр зогсоох, хаах, шалгах эрхтэй.

Тав. Худалдан авалтын төлбөрийн хугацаа хэтрэлт

5.1. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний хэрэглэгч болсноор худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээнэ.

5.2. Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн хоног, авагдсан арга хэмжээнээс хамаарч зогсоох, хаах, ахин ашиглуулахгүй байх шийдвэрийг ББСБ дангаар шийдвэрлэнэ.

5.3. Хэрэглэгч нь төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд ББСБ-с хугацаа хэтэрсэн хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх.

Зургаа. Үйлчилгээний эрсдэл

6.1. Хэрэглэгчийн хувийн болон санхүүгийн мэдээлэл, худалдан авалтын түүхэд үндэслэж худалдан авалтын эрхийг хэмжээг тогтоох бөгөөд энэ нь хэрэглэгчийг аливаа өрийн дарамтад оруулахгүй гэх баталгаа болохгүй.

6.2. Хэрэглэгч банк, банк бус санхүүгийн байгууллага, гуравдагч этгээдээс авсан зээлийн эргэн төлөлт хийх үүрэг хүлээсэн үйлчилгээний хэрэглээгээ тооцоолж, худалдан авалтыг хийх үүрэг хүлээнэ.

6.3. Платформд Мерчант эсхүл Компанитай хамтран ажиллагч гуравдагч этгээдийн вэбсайтын холбоосыг мэдээллийн эсхүл сурталчилгааны зорилгоор байрлуулж болох бөгөөд эдгээр вэбсайт нь Компанийн хяналтаас гадуур байх тул тэдгээр гуравдагч талын вэбсайт дээрх аливаа контенттой холбоотойгоор Компани үүрэг, хариуцлага хүлээхгүй.

Долоо. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал ба хэрэглэгчийн санал, хүсэлт

7.1. Үйлчилгээнд бүртгүүлэх, Платформд нэвтрэх, Үйлчилгээ авах явцад Хэрэглэгч болон түүний хандалтын талаарх тодорхой мэдээлэл, бичиг баримтууд болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг Компани Нууцлалын бодлогын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана.

7.2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, үйлчилгээг ашиглаж байгаа нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Нууцлалын бодлогод заасны дагуу ашиглахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Найм. Үйлчилгээний оюуны өмчийн хамгаалалт

8.1. Платформ дээрх контент /агуулга/ болон зохиогчийн эрх, барааны тэмдэг, худалдааны нууц зэрэг бүх төрлийн оюуны өмч, тэдгээрийг ашиглах онцгой эрх нь Компани эсхүл тухайн оюуны өмчийн эрх эзэмшигчид хадгалагдана. Контент гэдэгт Платформ дээрх мэдээлэл, өгөгдөл, технологийн хэрэгсэл, код, хэв загвар, аппликейшн, санаа, ноу-хау, лого, бичвэр, дүрс, зураг, бичлэг, дизайн, бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдэл, шаардлага, сурталчилгааны материал болон тэдгээрт хэвлэгдсэн бүх төрлийн бичгийн болон мультимедиа материал зэрэг бүх контент хамаарна.

8.2. Хэрэглэгч нь Контентыг Компаниас урьдчилан олгосон бичгийн зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй бөгөөд мэдээ, материал эсхүл Контентыг зүй зохисгүйгээр ашиглах, Компани эсхүл түүний харьяа байгууллага, захирлууд болон ажилтнуудад аливаа хохирол учруулах санаа, зорилго агуулахгүй болно.

8.3. Хэрэглэгч нь Компанитай өрсөлдөх зорилгоор Контентод аливаа хяналт тавих, ашиглах, хуулбарлах, худалдах, өөрчлөх эсхүл ашиглах үйлдэл гаргахгүй. Энэ Нөхцөлийн дагуу Платформыг ашиглахаас бусад тохиолдолд хэрэглэгч нь Контентод хамаарах аливаа төрлийн эрх эдлэхгүй. Зөвшөөрөлгүй ашигласан эсхүл хуулбарласан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.

8.4. Компанийн оюуны өмчид хамаарах заалтыг хэрэглэгч зөрчсөн тохиолдолд түүний үр дагаварт учирсан хохирол, нөхөн төлбөрийг хариуцна.

Ес. Хүчин төгөлдөр болох

9.1. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, бүрэн ухамсарлаж ойлгож хүлээн зөвшөөрсөнөөр тус хэлцэл хүчин төгөлдөр болно.